November 22, 2006

Программистаар ямар хүмүүс ажилладаг вэ?

Америкт цагийн хэдэн арван долларын үнээр Windows-ийн install хийдэг байхад Монголд үнэгүй. Учир нь өнөөдөр Windows-ийг зардаггүй зүгээр л мөнгө өгөлгүйгээр гуйгаад л гүйцээ. Сайн гуйвал CD үгүй бол copy флаш гүйцээ. Ямар ч монгол хэлээр ажиллах боломжтой үйлдлийн системийг хийчих чадалтай залуус маш олон. Гэтэл программистуудаас хэн нэг нь өнөөдөр ямар нэг программ бичих боллоо гэхэд
- Мэдээлэл цуглуулна. Онолоор суралцах болон практикаар орчноо, ажлаа судлах гээд ер нь л цаг барсан ажил байдаг
- Программынхаа математик загвараа хийнэ
- Техникийн даалгавраа боловруулна. Энэ нь хамгийн хэцүү хугацаа шаардсан ажил байдаг. Энд мэдээллийн урсгал, тухайн даалгаврын амьдрал дахь загвар, бүтэц, зохион байгуулалт, схем гээд хамгийн гол зүйлсийг энд л хийдэг.
- Программынхаа алгоритмаа хийнэ
- Программчлалын хэлнүүдээс сонголт хийн сураад дараа нь түүн дээрээ программчлалын кодоо бичнэ.
- Бусад ажилтай хэрхэн холбогдох холбоосуудаа хийнэ
- Мэдээллийн урсгалыг тодорхойлно. Өдөр тутмын процедуртай холбоотой ажил л даа.
- Тайлангийн хэсгийг хийнэ. Энд бас тайлангийн стандартад суралцах болдог.
- Тохирох Техник Хангамж (шаардлагатай компьютерийн нэмэлт төхөөрөмж) авч суурилуулна
- Сургалтаа явуулна. Тодорхой зорилготойгоор компьютерт суралцана гэсэн үг.
- Сүлжээ тавих, эвдэрсэн тохиолдолд засварлах, шинэ сэлбэг худалдан авахад нь туслах мэтийн техникийн үйлчилгээг үзүүлнэ
- Сервер дээрээ ч адил ажиллана. Мэдээж энд Oracle, MS SQL, Apache, Linux гэх мэтийн мэдээллийн баазын болон системийн сервер (платформ) дээр ажиллаж сурах шаардлага гарна.
- Үйлдлийн системийн сонголтоос хамаарч MS DOS, Windows 9x/XP/NT/2000, Unix, Linux, OS/2, Sun, Apple, Macintosh-ийн аль нэгийг маш сайн хэрэглэж сурах шаардлага гарна
- ПХаа цаашид хөгжүүлнэ (амьдрал өөрөө маш баян байнга л өөрчлөгдөн хувьсах магадлалтай)
- ПХ-ын ашиглалтын явц дахь үйлчилгээгээ хариуцна
- Үйлдлийн системдээ тааруулж ПХаа суулгаж өгнө
- Бусад хэрэглээний программуудтай харьцаж сурах өөрөөр хэлбэл суралцах мөн бусдадаа ашиглахад нь туслах хэрэг гарна. Жишээ нь MS Office, Page Maker, WinAmp, Auto CAD гэх мэт.
- Компьютертэй холбоотой virus, archive, NET гэх мэтийн үйлчилгээг үзүүлнэ
- Дээр нь өөрөө боловсролоо дээшлүүлэх хэрэгтэй болдог
- Тухайн ажиллаж буй салбартаа мэргэших хэрэгтэй болдог
гээд тоочоод байвал нэг хүн яагаад ч барахгүй их ажлууд байгаа биз. Тэгэхээр яахав хагас заримыг нь орхиод халтууртаад өгнө дөө. Харин багаараа ажиллаж байгаа тохиолдолд иймэрхүү зүйл гаргахгүйгээр зохион байгуулж уг нь бол болно. Ялангуяа тухайн салбартаа мэргэшсэн мэргэжлийн хүнтэй баг байвал ч үзүүлээд өгч болно.
Манай ихэнх программистууд ихэнхдээ зүгээр л бусдаас хулгайлсан (жишээлбэл PHP ашиглахдаа), хялбарчлаад хуулсан ПХ-ууд хийдэг бөгөөд тэдгээр нь шаардлага хангасан байх нь нэн цөөн. Үнэндээ ихэнх нь demo маягийн программ байдаг. Тэгсэн мөртлөө үнээ гадныхныг дуурайгаад өндөр тогтооно. Дууслгалгүй орхино. Харин арай ухаалаг зарим нэг нь зүгээр л түрээс маягаар цөөн хэдэн мөнгөөр байнга ашиглуулаад байнга мөнгө олоод байдаг, мөн словарь мэтийн жижиг программыг нэг үдийн хоолны үнээр зараад болоод л байна. Гэхдээ Монголд программыг мөнгөөр зарна гэдэг ойлголт их л бүрхэг. Энд ганц хоёр толь бичиг, зарим нэг санхүүгийн бүртгэлийн программууд, энэ тэндээс худалдан авч орчуулсан программуудыг эс тооцвол бараг л бүгд гадны программууд тэр дундаа англи хэлээр ажилладаг программууд байдаг. Үүнээс гадна энгийн хэрэглэгчдийн мэдлэггүй, ойлголт муутайг нь далимдуулан ихэнхдээ сэлбэг зарангаа зарим нэг программ дээр ажиллуулж сонирхуулах маягаар сургалт хийдэг.
Программистууд ажилд хэрхэн ордог талаар хэдэн үг хэлье. Мэдээж тэд сурч байхдаа мэргэшиж амжаагүй тул (өнөөдөр Монголд ямар ч ийм сургалт байдаггүй эсвэл маш бага сургадаг) ямар ч хамаагүй байгууллагын зарлалын дагуу очин тэнд ажиллах хүсэлтэй байдаг. Нөгөө байгууллага нь ч авч ажиллуулдаг. За тэгээд зар өгсөн газар нь аль нэг арын хаалгаар буюу танил мэргэжлийн хүнгүй тохиолдолд л зарын дагуу очсон хэдэн хүнээс ажилд авч магадгүй. Мэдээж зарлалд тухайн программист яг юу хийх (аль салбарт гэх мэт), ямар чадвартай байх талаар маш хомс мэдээлэл байдаг ба программист нь өөрөө ч юу хийхээ мэдэхгүй байж зүгээр л нэг web page хийсэн гэдгээрээ ч юмуу өөр аль нэг сайн талдаа түшиглэн тухайн ажилд орох гээд байдаг. Хэрэв огт мэдэхгүй ажилд орвол сурч эхэлнэ дээ. Ингэхээр тухайн байгууллага нь хүнээ бэлтгэн авч байнаа гэсэн үг. Тэгээд л тухайн программист нь хурдан сайн сурсан бол байгууллага богинохон хугацаанд программтай болно. Программист нь үргэлж түүнийгээ сайжруулаад л байх нь юу л бол. Өөр ажилд дайчлагдана. Тэгээд л тухайн ажлаар мэргэшсэн программист нь шал өөр ажил хийгээд л явчихна даа. Нөгөө программ нь ч тэгсгээд хөгжихөө болино. Ажлын шаардлагаар өөр бусад ажилтай нь холбогдон ажиллах боллоо ч гэсэн программист нь хийхээ зогсоосон тул дахиад дараачийн программистаа хайдаг. Харин гадны байгууллага иргэнээр хийлгэсэн бол өөр хэрэг. Энэ тохиолдолд тухайн байгууллага дахь программыг хариуцсан мэргэжилтэн бас давхар бэлтгэх болж байгаа юм. Тэгэхээр юу хэлэх гээд байнаа гэвэл тухайн байгууллагын тухайн ажилд зориулсан программыг хийхэд нь зориулж техникийн даалгавар хийж өгдөг, мөн тухайн салбараар мэргэшсэн багаар хийлгэж байвал дээрхи хүндрэлүүдээс ямар нь ч гарахгүй ээ л гэсэн үг. Яагаад гэвэл бэлэн техникийн даалгавар нь байвал оюутан сурагчид ч гэсэн уг ажлыг тань хийгээд л өгнө. Учир нь тэд тодорхой юманд толгой өвдөхгүй.